Албан татвар, төлбөр хураах ажлыг 

зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ийг дуустал тус тус зохион байгуулсугай.

 

2.Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, гарах  зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад:

 

3.1.Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Татварын хэлтэс (Б.Энхтогтох)-т;

 

3.2.Албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналтын үзлэг шалгалтыг хамтран зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс (Б.Энхтогтох), Замын цагдаагийн хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)

3.3.Албан татвар, төлбөр хураах ажилд хариуцсан нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргаж хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг хороодын Засаг дарга нарт;

 

3.4.Дүүргийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамруулж ажиллахыг Автотээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар (С.Давааням)-т;

 

3.5.Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператор ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мессежээр мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ “smartcar.mn”, татварын удирдлагын нэгдсэн систем “e-tax.mta.mn”, “itax.mta.mn” систем, “и-баримт” гар утасны аппликейшн, гэрэгэ киоск, пос терминал төхөөрөмж ашиглан албан татвар, төлбөрөө төлөх  талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтэс (Б.Энхтогтох), Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв  (Б.Оюунгэрэл)-т тус тус даалгасугай.

 

4.Шаардагдах төсвийг Засаг даргын Тамгын газрын татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

5.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар хуулийн хугацаанд зохион байгуулж, холбогдох төсөвт төвлөрүүлж үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг  (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

6.Энэхүү захирамжтай холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/116 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>