Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг

 хязгаарлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.12, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Улсын хэмжээнд 9 аймгийн 21 сумдад Бог малын мялзан, Шүлхий, Хонины цэцэг өвчин оношлогдон хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байгаатай холбогдуулан халдварт өвчин дүүргийн нутагт дэвсгэрт дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтан дамжин өнгөрөх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх, бэлэглэлийн болон үржлийн зориулалтаар амьд мал, амьтан тууварлан, тээвэрлэхээс бусад зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтан нэвтрүүлэхийг 2023 оны 10 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд хориглосугай.

 

2.Адуун сүргийг дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхдээ Мал эмнэлгийн гэрчилгээнд үндэслэн харьяа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр адууны ям, нийлүүлгийн өвчин, адууны халдварт цус багасах өвчнүүдийн үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээнд хамруулж нэвтрүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам), мал бүхий хорооны Засаг дарга нарт даалгасугай.

 

3.Дүүргийн нутаг дэвсгэрээр тууварлах, тээвэрлэх үеийн зохицуулалт чиглэлийг дүүргийн Засаг даргын 2020 оны А/316 дугаар захирамжаар батлагдсан зөвшөөрсөн зам маршрутаар нэвтрүүлсүгэй.

 

4.Малчдад гоц халдварт, халдварт өвчний талаар мэдээлэл өгөх, мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг өндөржүүлэн, зөвшөөрсөн маршрутын дагуу нэвтрүүлж бүртгэх, хяналтад авч ажиллахыг Цагдаагийн газар (Х.Ууганбаяр), Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам), Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж) 21, 32, 33, 34 дугаар хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>